Монгол Улсын зүүн босоо тэнхлэгийн төмөр зам болон боомтын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг танилцуулах Монгол-Хятадын хамтарсан хурал зохион байгууллаа
Монгол Улсын зүүн босоо тэнхлэгийн төмөр зам болон боомтын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг танилцуулах Монгол-Хятадын хамтарсан хурал 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас санаачилж, “Монголын төмөр зам” ТӨХК-иас хамтран зохион байгуулсан тус хуралд Монгол Улсаас Зам, тээврийн хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, “Улаанбаатар төмөр зам”, “Ийст коридор рэйлрөүд” ХХК, БНХАУ-ын талаас Үндэсний хөгжил, шиэнчлэлийн хороо, Гаалийн ерөнхий газрын Боомтын захиргаа, Улсын төмөр замын газар, Ляонин мужийн худалдаа, тээврийн асуудал эрхэлсэн агентлагууд, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Гадаад харилцааны газар, Жинжөү хотын Ардын Засгийн газар болон Жинжөү боомт ХХК зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллүүд оролцож, “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төмөр замын зүүн коридор (Борзя-Соловьевск-Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт-Зүүнхатавч-Улаанхад-Чаоян-Жинжөү боомт) төслийн бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл хуваалцаж, санал бодлоо солилцлоо.
БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын Боомтын захиргаа, Ляонин мужийн Ардын Засгийн газар, Жинжөү боомт ХХК-ийн төлөөллүүд мөн үг хэлж, коридорын бүтээн байгуулалтыг урагшлуулахад шаардагдах оролцоо, дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.