Хятадын Олон улсын импортын 6-р үзэсгэлэнд оролцдог улс орнууд нэмэгджээ
2023 оны 11 сарын 5-10-ны өдрүүдэд Шанхай хотноо зохион байгуулагдах тус үзэсгэлэнд дэлхийн олон улс орны нийт 289 том корпораци, 500 компани, аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ.
2018 онд анх зохион байгуулагдсанаас хойш 5 удаа явагдаж, 2000 гаруй шинэ бүтээгдэхүүн, техник, үйлчилгээ нэвтрүүлж, 350 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээ зурагдсан нь гадаад худалдааг тогтворжуулахад ихээхэн дэмжлэг болсон гэж Худалдааны яамны дэд сайд Шенг Чиюпин хэвлэлийн хурал дээр хэлсэн үгэндээ дурьдлаа.
Энэ удаагийн 6-р үзэсгэлэнд 154 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөгчид, 394,000 мэргэжлийн байгууллагынхан оролцож, 3400 павильон ажиллах юм байна. Онцлон дурьдахад дэлхийн шилдэг 15 тээврийн хэрэгслийн брэнд, 10 аж үйлдвэрийн цахилгаан хэрэгслийн компани, 10 эмнэлгийн тоног төхөөрөмжийн компани тус тус бараа бүтээгдэхүүнээ танилцуулна. Нийт 69 улс өөрийн үндэсний павильон ажиллуулахын 64 нь Бүс ба зам санаачлагын түнш орнууд юм. Түүнчлэн энэ удаагийн үзэсгэлэнгийн өөр нэг онцлог бол нүүрстөрөгч багатай эрчим хүч, хиймэл оюун ухаан зэрэг өндөр технологи бөгөөд энэ төрлийн 400 гаруй шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээ танилцуулагдана.
Тус үзэсгэлэнгийн ач холбогдлыг аж үйлдвэрийн салбарын шинэчлэл, хэрэглээний бараа бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад туслах дэвшилтэт тоног төхөөрөмж, хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг импортлон дотоодын эргэлтийг хялбаршуулах замаар гадаад худалдааг хөнгөвчилдөг гэж Худалдааны яамны дэд сайд Шенг Чиюпин мэдэгдлээ. Нөгөөтэйгүүр, энэ нь олон улсын болон үндэсний үйлдвэрлэгч нарыг холбож, хоёр талын худалдааны эргэлтийг дэмждэг гэж тэр нэмж хэллээ.