Wechatpay-ээр Монголд төлбөр төлөхөд саадгүй болжээ
Хятад улсын иргэд, жуулчид Монгол Улсын үйлчилгээний газруудаар Wechatpay-ийн QR кодоо уншуулан төлбөрөө төлдөг болжээ. Өөрөөр хэлбэл биедээ юань авч явах шаардлагагүй бөгөөд жуулчдын түгээмэл үйлчлүүлдэг ресторан, зочид буудал, олон улсын томоохон сүлжээ дэлгүүрүүд, эмийн сан зэрэг газарт дээрх үйлчилгээ нэвтэрчээ. Жишээлбэл, Олон улсын сүлжээ CU, GS 25 дэлгүүрийн бүх салбар, үндэсний сүлжээ M mart дэлгүүр, Yuna, Skewers сүлжээ ресторан, Цэцэг зочид буудал, мөн монголдоо хамгийн олон сүлжээтэй Монос эмийн сан зэрэг үйлчилгээний газрууд Wechatpay-ээр төлбөр хүлээн авч байгаа бөгөөд тун удахгүй такси үйлчилгээнд ч Wechatpay нэвтрэх юм байна.
Зөвхөн Монгол Улсын нийслэл Улаанбаатараас гадна хөдөө орон нутагт, тухайлбал БНХАУ-тай хиллэдэг Дорноговь, Дорнод зэрэг аймгийн үйлчилгээний газруудад Wechatpay-ээр төлбөрөө төлж болно. Wechatpay-ийг Монгол Улсад өргөнөөр нэвтрүүлэх ажлыг тус улсын “Сэндли ББСБ” ХК, “Хай пэймэнт Солюшнс” ХХК хамтран хэрэгжүүлж байна. Хятад иргэд Монгол Улсад зочилж, аялах үедээ Wechatpay-ээр төлбөр тооцогоо төвөггүй төлөх боломжтой үйлчилгээний газруудын тоо өдөр ирэх бүр нэмэгдсээр байгаа юм.