Хөдөө аж ахуйн өндөр технологийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн онцлох бүтээгдэхүүн
Жил бүрийн 4-р сард зохион байгуулагдаж, хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ техник, технологийн тоног төхөөрөмж, хэрэгслийг танилцуулдаг тус үзэсгэлэнд хэд хэдэн онцлог бүтээгдэхүүн дэлгэгджээ. Тухайлбал, газар тариалан, ой модны бордоо ба хортон, шавж, мэрэгчдийн хорыг цацдаг дроны даац, цацах хурд, өндөр зэрэг үзүүлэлтийг сайжруулсан бөгөөд хиймэл оюун ухааны удирдлагатай болгожээ.
Мөн нано технологийн материалаар хийсэн ургамал үрслүүлэх, өсгөх, ургуулах, хадгалах уутнуудыг төрөл бүрийн хэмжээ болон даацтай үйлдвэрлэсэн байна. Эдгээр уут нь хөрсөнд өөрөө задрах тул хог хаягдлыг бууруулсан, байгальд ээлтэй бүтээгдэхүүн гэж үнэлэгдэж байлаа.
Мөн хүлэмж барих, доторх агаар, чийгшил, хөрсний байдал, хортон шавж зэрэг үзүүлэлтүүдийг нь тогтмол хянах систем бүхий цогц бүтээгдэхүүнийг хэд хэдэн компани танилцуулсан. Хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд хүний оролцоог багасгаж, автоматжуулан, цахимжуулах чиглэлд хурдацтай хөгжиж, шинэ технологи нэвтрүүлж байгааг тус үзэсгэлэн харуулж байлаа.