Банкууд эдийн засгийг дэмжиж байна.
Арилжааны банкууд энэ оны эхний улиралд үйлдвэрлэлийн салбар, хувийн хэвшил, жижиг, бичил аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр илүү сайн ажилласан талаар Хятадын Банк, Даатгалын Зохицуулах Хорооноос мэдэгдэв. Үйлдвэрлэлийн салбарт олгосон шинэ зээлийн хэмжээ 2 триллион 200 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 381 тэрбум 900 сая юаниар нэмэгдсэн байна. Хувийн аж ахуйн нэгжид олгосон зээл 3.7 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 их наяд юаниар өссөн байна. Жижиг, бичил аж ахуйн нэгжид олгосон нийт зээлийн хэмжээ эхний улиралд 2.3 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 808.8 тэрбум юаниар нэмэгджээ. Мөн арилжааны банкуудын цэвэр ашиг нэгдүгээр улиралд 667.9 тэрбум юань буюу 96 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.3 хувиар өссөн байна.
Хятадын Эвербрайт банкны шинжээч Жоу Маохуа "Нийлүүлэлтийн талын шинэчлэл, дижиталчлалын хүрээнд бий болсон нээлттэй байдлын ачаар зээл, зээлийн бүтцийг тасралтгүй сайжруулснаар банкуудын бодит эдийн засагт үйлчлэх хүч нэмэгдэж байна" гэж хэлэв. Зохицуулах хорооны мэдээлэлд банкны салбарын санхүүгийн байгууллагууд, даатгалын компаниудын хөрөнгийн хэмжээ эхний улиралд тогтвортой өсөж байгааг дурьдсан байна. Санхүүгийн байгууллагуудын хөрөнгийн хэмжээ 397.3 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 11 хувиар өсчээ. Даатгалын компаниудын хөрөнгийн хэмжээ 28.4 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.5 хувиар нэмэгдсэн байна.
Хятадын эдийн засаг тогтвортой хурдацтай сэргэж байгаа тул бодит эдийн засгийн санхүүжилтийн хэрэгцээ сэргэж, арилжааны банкууд зээл, кредит шугамыг тогтвортой нэмэгдүүлэх, ялангуяа шинээр хөгжиж буй үйлдвэрүүд болон бусад салбаруудад зээл, зээлийн бүтцийг улам оновчтой болгох төлөвтэй байна.