Монгол улсад зочлох жилийн хүрээнд
Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монгол Улсад зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг БНХАУ-ын аялал жуулчлалын аж ахуйн нэгж, байгууллагуудад танилцуулах уулзалтыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас санаачлан 2023 оны 3-р сарын 9-ний өдөр зохион байгуулсан. Тус арга хэмжээнд БНХАУ-ын аялал жуулчлалын 26 байгууллагын 40 гаруй төлөөлөгчдэд Монгол-Хятадын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилготой Найрамдал Манлай холбооны 20 гаруй компаниуд бүтээгдэхүүнээ цахимаар танилцуулан, цаашид хамтран ажиллах боломж, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцсэн юм.
Найрамдал Манлай холбоо нь МУ-д бүртгэлтэй аялал жуулчлалын 550 орчим компаниудаас Монгол-Хятадын хооронд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 53 компанийн нэгдэл бөгөөд оны эхнээс үйл ажиллагаагаа ТББ-ын зохион байгуулалттайгаар явуулж эхэлсэн байна.
Энэхүү уулзалтын дараа Найрамдал Манлай холбоо болон бусад аялал жуулчлалын компаниуд Шанхай хотод 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан United Travel Expo /UTE/ арга хэмжээнд оролцон бүтээгдэхүүнээ танилцуулж, Хятад улсын ижил төрлийн бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоож, эх орноо сурталчилсан байна.
Найрамдал Манлай холбоо болон бусад аялал жуулчлалын компаниуд 2023 оны 3-р сарын 24-ний өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Монгол соёл ба мэдээллийн төвд Хятадын аялал жуулчлалын холбоо, аж ахуйн нэгжүүдтэй В2В хэлбэрээр уулзалтыг зохион байгуулж, хамтран ажиллах чиглэл болон 2023 онд хэрэгжүүлэх аялалын бүтээгдэхүүний талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ болон бусад ДТГ-ууд нь аялал жуулчлалын чиглэлээрх хоёр орны аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг нээлттэйгээр дэмжин ажиллана. Энэ тухай санал, хүсэлтийг цахим шуудангаар бидэнд ирүүлэхээс гадна Найрамдал Манлай холбооны удирдах ажилтнуудтай доорх хаягаар холбогдож боломжтой.
Найрамдал Манлай холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Пүрэвсүрэн. Утас 96648118, 88104379, 99087028