Гашуунсухайт боомтоор нэвтэрсэн нүүрс тээврийн автомашины тоо 6 өдөр дараалан 900 давлаа.
БНХАУ-ын Ганцмод боомтоор 2025 он гэхэд жилийн дүнгээр 30 сая тонн нүүрс импортлох зорилт тавиад байна. SXCoal-ийн мэдээлснээр Гашуунсухайт-Ганцмод боомтоор Монгол Улс хоёрдугаар сарын наймны өдөр 926 тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэсэн байна. Ингэснээр зургаан өдөр дараалан нүүрс тээврийн автомашины тоо 900 давж байгаа нь борлуулалт нэмэгдэх хүлээлтийг бататгаж байна. 2022 онд тус боомтоор 18 сая тонн нүүрс импортолжээ. Цар тахлын үетэй харьцуулахад нүүрсний тээвэрлэлт эрс нэмэгдэж байгаа хэдий ч цар тахлын өмнөх үеийн түвшнээс бага хэвээр байна. Түүнчлэн Монгол Улс нүүрсний цахим арилжааг албан ёсоор эхлүүлээд байгаа билээ. Ингэснээр нүүрсийг зах зээлийн ханшаар борлуулж, борлуулалтын үйл явц ил тод болох нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм. БНХАУ-ын талаас коксны үйлдвэр болон нүүрс баяжуулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд мөн анхаарч байгаа аж. Ингэхдээ Монголын коксжих нүүрсийг гол түүхий эдээр ашиглаж, цэвэр эрчим хүч үйлдвэрлэх юм байна.