Экспорт 22.9 хувиар нэмэгдлээ.
Монгол Улс 2022 онд 160 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 21.2 тэрбум, үүнээс экспорт 12.5 тэрбум, импорт 8.7 тэрбум ам.доллар байна.
Бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 5.2 (32.1 хувь) тэрбум, экспорт 3.3 (35.7 хувь) тэрбум, импорт 1.9 (27.2 хувь) тэрбум ам.доллароор нэмэгджээ. Мөн 2022 оны 12 дугаар сард экспорт өмнөх сарынхаас 259.7 (22.9 хувь) сая, импорт 107.4 (14.8 хувь) сая ам.доллароор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд 3.8 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (60.1 хувь) тэрбум ам.доллароор өсжээ. Мөн оны 12 дугаар сард 562.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 152.4 (37.1 хувь) сая ам.доллароор өсөв. БНХАУ-тай 2022 онд 13.7 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.3 хувийг эзэлжээ. Тус улсад экспортолсон бараа бүтээгдэхүүний 56.8 хувийг чулуун нүүрс, 25.9 хувийг зэсийн баяжмал, харин Швейцар улсад экспортолсон барааны 99.7 хувийг алт эзэлж байна. Экспорт 2022 онд өмнөх оны мөн үеийнхээс 3.3 тэрбум ам.доллароор өсөхөд нүүрсний экспорт 3.7 тэрбум, алтны экспорт 122.9 сая, цайрын хүдэр, баяжмал экспорт 106.9 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Алтны хилийн дундаж үнэ 2022 оны 12 дугаар сард өмнөх сарынхаас килограмм тутамд 3.3 мянга, зэсийн баяжмалынх тонн тутамд 119.3 ам.доллароор, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 8 ам.доллароор нэмэгсэн байна. Харин боловсруулаагүй газрын тосны хилийн дундаж үнэ баррель тутамд 11.4 ам.доллароор багаслаа. Нүүрсний экспортын биет хэмжээ 2022 оны 12 дугаар сард 4.6 сая тонн болж, өмнөх сарынхаас 550.2 мянган тонноор, үнийн дүн 756.3 сая ам.доллар болж, 128.5 сая ам.доллароор нэмэгдэв.
Импортын дүнд 2022 оны байдлаар БНХАУ 35.3, ОХУ 30, Япон 7.7, БНСУ 4.9, АНУ 3.1, ХБНГУ 2.1 хувийг эзэлж, нийт импортын 83.1 хувийг бүрдүүллээ. ОХУ-аас импортолсон барааны 60.6 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 67.3 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 10.2 хувийг ачааны автомашин, 4.3 хувийг цахилгаан эрчим хүч эзэлж байв. Импорт өмнөх оны мөн үеийнхээс 1.9 тэрбум ам.доллароор өсөхөд дизелийн түлшний импорт 369.6 сая, автобензиний импорт 170.2 сая, суудлын автомашины импорт 191.1 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 97 хувийг эзэлж байгаа бол импортын 74.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлжээ.
Эх сурвалж: Улаанбаатар /МОНЦАМЭ/.