Юанийн хил дамнасан хэрэглээг өргөжүүлэх мэдэгдэл гаргажээ.

БНХАУ-ын Худалдааны яам, Хятадын Ардын банк хамтран "Гадаад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд юанийн хил дамнасан хэрэглээг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлэх тухай хамтарсан мэдэгдэл" гаргажээ.

Энэхүү мэдэгдэл нь хил дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтад юанийг ашиглах нөхцөлийг хөнгөвчлөх, аж ахуйн нэгжийн төлбөр тооцоо, хөрөнгө оруулалт, санхүүжилт, эрсдэлийн удирдлага зэрэг шаардлагыг харгалзан гаргасан байна.

Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөхөд аж ахуйн нэгжийн хэрэгцээ шаардлагыг цаг тухайд нь тодорхойлж, орон нутгийн нөхцөл байдалтай уялдуулан зорилтот арга хэмжээг авах, хил дамнасан юанийг ашиглах таатай орчныг бүрдүүлэх ёстой гэж мэдэгдэлд онцолжээ.

Түүнчлэн дээрх мэдэгдэлд дараах агуулгыг тусгасан байна. Үүнд:

-     Хил дамнасан төрөл бүрийн худалдаа, хөрөнгө оруулалтад юанийг түлхүү ашиглах, үүнд банкууд илүү таатай, үр ашигтай төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх;

-     Банкуудыг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг идэвхтэй нэвтрүүлж, гадаадад юанийн зээл олгох, аж ахуйн нэгжүүдийн хил дамнасан юанийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэрэгцээг илүү сайн хангахыг дэмжих;

-     Аж ахуйн нэгжид тулгуурласан бодлогыг хэрэгжүүлж, чанартай, жижиг, дунд, бичил аж ахуйн нэгжүүдийн худалдан авах чадамжийг дээшлүүлж, ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх үндсэн аж ахуйн нэгжүүдийг тэргүүлэх үүрэг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх;

-     Туршилтын чөлөөт бүс, Хайнань чөлөөт худалдааны боомт, хилийн чанад дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүс зэрэг олон төрлийн нээлттэй платформд тулгуурлан юанийн хил дамнасан хэрэглээг дэмжих;

-     Аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээнд тулгуурлан ажил гүйлгээг тохируулах, санхүүгийн төлөвлөлт, эрсдэлийн удирдлага зэрэгт дэмжлэг үзүүлж, даатгалын баталгааг чанаржуулан хил дамнасан юанийн санхүүгийн цогц үйлчилгээг сайжруулах;

-     Холбогдох сангуудыг идэвхжүүлж, чиглүүлэх үүргийг гүйцэтгүүлэх;

-     Олон талт сурталчилгаа, сургалт явуулж, банк, аж ахуйн нэгжийн хоорондын уялдаа холбоог сайжруулж, бодлогын үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэж тусгасан байна.

Монгол Улс 2022 онд БНХАУ, ОХУ, Швейцар, БНСУ, Япон тэргүүтэй 161 улстай худалдаа хийснээс Хятад улс нийт экспортын 84.3%, мөн нийт импортын дийлэнх буюу 35%-ийг эзэлжээ.

БНХАУ-ын хувьд 2021 оны жилийн статистикаас харахад дэлхийн улс орнуудтай нийт 6.9 их наяд ам.долларын худалдаа хийснээс 20 орчим хувийнх нь төлбөр тооцоог юаниар гүйцэтгэсэн байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд Худалдааны яам, Хятадын Ардын банкнаас  хамтран гаргасан энэ удаагийн мэдэгдэл нь энэхүү бодлогынх нь нэг илрэл болж байна.

Санал хүсэл