Аж үйлдвэрийн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл өсөв

Үндэсний статистикийн хорооноос тус улсын эдийн засгийн чухал үзүүлэлтийн нэг болох аж үйлдвэрийн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл энэ оны эхний 4 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өссөн гэж мэдээлэв. 4 дүгээр сард аж үйлдвэрийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар өсөж, өмнөх сараас 0.05 хувиар нэмэгдсэн байна. Энэхүү үзүүлэлт нь жилд үндсэн үйл ажиллагаанаасаа дор хаяж 20 сая юанийн (ойролцоогоор 2.92 сая ам.доллар) орлоготой томоохон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн хэмждэг байна.

Салбарын ангиллаар авч үзвэл, оны эхний 4 сарын хугацаанд уул уурхайн салбарын нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл 5.5 хувиар өссөн бол боловсруулах үйлдвэрлэлийн салбар 5.8 хувийн өсөлт үзүүлжээ. Харин цахилгаан, дулаан, хий болон ус үйлдвэрлэл, хангамжийн салбарын үйлдвэрлэл 4.5 хувиар өссөн байна.

Мөн Өргөн хэрэглээний барааны жижиглэн худалдааны борлуулалт 2026 оны эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар өссөн байна. Эхний 4 сард жижиглэн худалдааны нийт борлуулалт ойролцоогоор 16.49 их наяд юаньд хүрсэн байна. Автомашины борлуулалтыг хасч тооцвол жижиглэн худалдаа 3.1 хувиар өсөж, 15.2 их наяд юаньд хүрчээ. Хот суурин газрын жижиглэн худалдааны борлуулалт 14.29 их наяд юань болж, өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өссөн бол хөдөө орон нутгийн жижиглэн худалдаа 2.8 хувийн өсөлттэйгөөр 2.2 их наяд юаньд хүрсэн байна.

Үйлчилгээний салбарын жижиглэн худалдааны борлуулалт эхний 4 сард 5.6 хувиар өсөж, эхний улиралтай харьцуулахад өсөлтийн хурд нь 0.1 нэгж хувиар нэмэгджээ. Ялангуяа харилцаа холбоо, мэдээллийн үйлчилгээ, аялал жуулчлал, түрээсийн үйлчилгээ, соёл урлаг, мөн тээвэр, аяллын үйлчилгээний салбарууд өндөр өсөлттэй гарсан байна.

Мөн энэ оны 1-4 сарын хугацаанд бараа, үйлчилгээний цахим жижиглэн худалдааны нийт хэмжээ 6.53 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өсжээ. Үүнээс цахим барааны худалдаа 5.7 хувиар өсөж, бараг 4.12 их наяд юаньд хүрсэн нь нийт жижиглэн худалдааны 25 хувийг бүрдүүлсэн байна

Санал хүсэл