Хайнань мужийн Хайкоу хотод зохион байгуулагдсан Хятадын Олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспод оролцлоо

Хятадын Олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 6 дахь удаагийн экспо 2026 оны 4 дүгээр сарын 13-наас 18-ны өдрүүдэд Хайкоу хот дахь Хайнань олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг экспог БНХАУ-ын Худалдааны яам, Хайнань мужийн Ардын Засгийн газар хамтран зохион байгуулав.

Хятадын Олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспо нь 2021 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай улсын хувьд 2024 болон 2026 онуудад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны санаачилга, дэмжлэгтэйгээр үндэсний павильон зохион байгуулан оролцоод байна.

Энэ удаагийн экспод Монгол Улсад үйлдвэрлэсэн ноос, ноолууран бүтээгдэхүүнийг түлхүү сурталчилсан бөгөөд салбарын болон мэргэжлийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй аж ахуйн нэгж оролцов. Үүнд: Монголиан Кашмер ХХК, Нэгүн Кашмер ХХК, Ноён Кашмер ХХК, Сайнтүмэн Кашмер ХХК, Говь Эрдэнэ Кашмер ХХК, Тэнгэр Ертөнц ХХК, Кашмер Холдинг ХХК, Эм Ай Эм Глобал ХХК, Тод Оймс ХХК, Могол Ноос ХХК зэрэг компаниуд багтсан.

Оролцсон аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлд хамтран ажиллах түнш олох, шинэ бүтээгдэхүүн танилцуулах, борлуулалтын сувгаа өргөжүүлэх зорилготой байсан бөгөөд оролцооны үр дүнг эерэгээр үнэлж байна. Аж ахуйн нэгжүүд цаашид Монгол Улсын үндэсний павильоны хүрээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцох нь илүү үр өгөөжтэй болохыг онцолж, ийм хэлбэрээр тогтмол оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Санал хүсэл