МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН АССОЦИАЦИ КАНАДЫН “ТОГТВОРТОЙ УУЛ УУРХАЙН СТАНДАРТ”-ЫГ НЭВТРҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Монголын уул уурхайн салбараас Энержи Ресурс компани уг стандартын дагуух үнэлгээг анх удаа хийлгэжээУул уурхайтай холбоотойгоор иргэд, олон нийт, хөрөнгө оруулагчдаас онцгойлон шаарддаг зүйлийн нэг нь яах аргагүй хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжлийн зарчим шаардлагууд байдаг.
Тэрхүү шаардлагыг Олон улсын түвшинд нийцүүлж, геологи хайгуулаас эхлэн уурхайн хаалт хүртэлх бүхий л үйл ажиллагааг шат шатанд нь хариуцлагатай гүйцэтгэх нийцэл нь “Тогтвортой уул уурхайн стандарт (TSM)” шалгуурууд байдаг ба Канадын Уул Уурхайн Ассоциациас боловсруулсан уг стандартыг өнөөдөр дэлхий даяар хүлээн зөвшөөрч, хариуцлагатай уул уурхайгаар түүчээлэгч Канад, Австрали зэрэг орнууд сайн жишиг болгон ашиглаж байна.
Товчоор ойлгоход, нийгэм, байгаль орчны үнэлгээний 34 үзүүлэлт бүхий 8 чиглэлийн хүрээнд тайлагнаж, мэргэшсэн хөндлөнгийн байгууллага үр дүнг нь гурван жил тутам хянан баталгаажуулдаг, дэлхийн 20 гаруй улсад хэрэгждэг, шалгуур үзүүлэлт өндөртэй томоохон стандарт бөгөөд Монгол Улсаас анхлан “Энержи Ресурс ХХК” уг стандартын хүрээнд өөрийн ба хөндлөнгийн үнэлгээг амжилттай хийлгээд байгаа юм.
Дэлхийн жишигт нийцсэн “Тогтвортой уул уурхайн стандарт (TSM)” шаардлагыг хангах нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эерэг үнэлгээг өгөх, хариуцлагатай, тогтвортой уул уурхайг төлөвшүүлж, улс орны засаглалыг дээшлүүлэхэд томоохон ач холбогдолтой аж.
Канадын Уул уурхайн Ассоциаци нь “TSM” стандартыг анх 2004 онд санаачлан боловсруулж, олон улсад нэвтрүүлсэн байдаг. Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциаци болон Канадын Уул Уурхайн Ассоциаци хооронд “TSM” стандарт”-д нэгдэх санамж бичиг байгуулагдсанаар Монгол Улс уг стандартыг хэрэгжүүлэхээр нэгдэж буй дэлхийд 13 дахь, Азийн орнуудаас 2 дахь орон болж байна.
“TSM”-ын шалгуур үзүүлэлт нь байгаль, нийгэм, засаглалд хариуцлагатай уул уурхайг бий болгох үндсэн зорилготой уялддаг ба мэргэшсэн хөндлөнгийн байгууллагын хийсэн үнэлгээний үр дүн, тайланг Канадын Уул Уурхайн Ассоциацийн албан ёсны вэб сайт (mining.ca) дээрээс нээлттэй харах боломжтой юм байна.