ХОВД ШИНЖААН БИЗНЕС ФОРУМ БОЛОВ

2023-03-29-ний өдөр БНХАУ-ын ШУӨЗО-ны Өрөмч хотноо “Ховд-Шинжаан” бизнес форум болов. Бизнес форумд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам Тээврийн Хөгжлийн сайд С.Бямбацогт, ШУӨЗО-ны Ардын Засгийн газрын орлогч дарга Жу Лифан, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал тэргүүтэй албаны хүмүүс болон хоёр орны 200 гаруй бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.

Энэ үеэр Хятад, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим болон аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав.

Тухайлбал Ховд аймгийн Булган түшиг ХХК, БНХАУ-ын Шинжаан Хуанчэнг Энерги компани хамтран Ховд аймагт жилдээ 30-аас 50 мянган тн хаягдал төмөр боловсруулж, баруун бүсийн хэрэгцээг бүрэн хангах арматурын үйлдвэр байгуулахаар боллоо. 

Монгол Улсын баруун бүс болон Шинжааны бизнес эрхлэгчид хөдөө аж ахуй, мал аж ахуй, тэр дундаа малын түүхий эд, арьс шир, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, барилгын материалын үйлдвэрлэл, аялал жуулчлал, тээвэр ложистикийн чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Монгол Улсын баруун бүс болон ШУӨЗО-ны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаснаар Монгол Хятад хоёр орны худалдааг 20 тэрбум ам долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэж талууд үзэж байна. 

Санал хүсэл