2024 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн зорилтыг хэр өндөр түвшинд хүрэх вэ?
Өнөөдрөөс эхлэхээр төлөвлөж буй Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Улс төрөөр Зөвлөлдөх Зөвлөл (хоёр чуулган)-ийн хурлаар "Засгийн газрын ажлын тайлан"-д эдийн засгийн өсөлтийн зорилтыг хэрхэн тодорхойлсон талаар дэлхий нийт анхаарал хандуулж байна. Үл хөдлөх хөрөнгийн хямрал гүнзгийрсэн, орон нутгийн засгийн газрын өрийн асуудал, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, геополитикийн хурцадсан байдал зэрэгт Хятадын эдийн засагт тахлын дараах хүчтэй сэргэлтийг эрэлхийлэхэд саад бэрхшээл учруулсан тул хөрөнгө оруулагчид Хятадын эдийн засгийн бодлого болон 2024 оны шинэчлэлийн төлөвлөгөөнд ихээхэн ач холбогдол өгч байна. Хаврын баярын өмнө өндөрлөсөн орон нутгийн "Хоёр чуулган"-д Хятадын орон нутгийн засаг захиргаа 2023 оны эдийн засгийн хөгжлийн тайлан, 2024 оны ДНБ-ий өсөлтийн зорилтыг дараах байдлаар тусгасан байна. Үүнд:
Албан ёсны мэдээллээр, муж тус бүрийн ДНБ-ий өсөлтийн хурдыг авч үзвэл ДНБ-ий өсөлт нийт 17 мужид 5.2% дээш буюу улсын дунджийг давахаар төлөвлөжээ. Эдгээр мужууд нь гол төлөв Хятадын зүүн, хойд, баруун хойд хэсэгт байрлаж байна. ДНБ-ий өсөлт нь улсын дунджаас доогуур 13 муж байгаа бөгөөд гол төлөв Хятадын өмнөд болон төв хэсэгт оршиж байна. Үүнд: Хэйлунжян, Хөнань, Гуанси, Жянши, Тяньжин, Шаанси, Фүжиан, Хунань гэх мэт.
Муж бүрийн 2023 оны эдийн засгийн өсөлтийн зорилттой харьцуулбал Гуандун, Хөнань, Хубэй, Фүжиан, Хунань, Шанхай, Хөбэй, Шаанси, Жянши, Юньнань, Гуанши, Шаньси, Гуйжоу, Шинжаан, Хэйлунжан, Хайнань зэрэг 17 муж 2023 онд тухайн үед тавьсан зорилтдоо хүрч чадаагүй байна.
2024 оны зорилтын хувьд ихэнх газар эдийн засгийн өсөлтийн зорилт өнгөрсөн оныхоос доогуур буюу өнгөрсөн оныхтой ижил түвшинд байна.
Хятадын хамгийн том эдийн засаг болох Гуандун муж 5%-ийн өсөлтийн зорилт тавьсан. Хятадын нийт ДНБ-ий хэмжээгээр хоёр, гуравдугаарт ордог Жянсу, Шандун муж "5 хувиас дээш" гэж тодорхойлсон бол Бээжин, Шанхай хотууд "ойролцоогоор 5%" гэсэн зорилт тавьжээ.
Үүнээс гадна Тяньжин хотын зорилт нь хамгийн бага буюу "ойролцоогоор 4.5%" байгаа бөгөөд энэ нь гурван жил дараалан тус улсын хамгийн бага зорилт болж байгаа юм.
Сычуань, Хубэй хоёр 2023 оны өсөлтийн хурдтай ижил буюу 6%-иар, Хайнань, Төвдийн өөртөө засах орон хамгийн өндөр буюу “ойролцоогоор 8%-д” гэсэн зорилт тавьсан.
Ерөнхийдөө орон нутгийн хоёр чуулганы мэдээллээс харахад муж тус бүрийн 2024 оны ДНБ-ий жигнэсэн дундаж зорилтот өсөлт 5.4% байгаа нь 2023 оны (5.6%)-аас 0.2 пунктээр бага байна. Муж тус бүрийн ДНБ-ий зорилт 4.5%-8.0%-ийн хооронд байна. 16 муж ДНБ-ий өсөлтийн зорилтоо бууруулж, Бээжин, Ляонин, Тяньжин, Жөжян муж ДНБ-ий өсөлтийн зорилтоо нэмэгдүүлж; үлдсэн 11 муж өөрчлөөгүй хэвээр байна.
Дүгнэж үзэхэд, 2024 онд ДНБ-ий өсөлтийн зорилт "5%" орчим байх төлөвтэй байна. Сүүлийн жилүүдэд үндэсний эдийн засгийн өсөлтийн зорилтууд ерөнхийдөө муж бүрийн жигнэсэн зорилтоос доогуур тогтоогдсон бөгөөд Шанхай хот зорилтот өсөлтийн хурдтай нийцэж, Бээжин удаалсан байна. 2024 онд муж тус бүрийн ДНБ-ий өсөлтийн жигнэсэн зорилтыг бууруулж, Бээжин, Шанхай, Гуандун зэрэг хотууд эдийн засгийн өсөлтийн 5%-ийн зорилтыг дэвшүүлснийг харгалзан үзвэл 2024 онд Хятад улсын хэмжээнд ДНБ-ий өсөлт 5% байх магадлалтай байна.