ҮЙД АЖИЛЛАГААНЫ ЧИГ ҮҮРЭГ

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭСЯ-НЫ ДЭРГЭДЭХ

ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 Монгол, Хятадын худалдаа

Сүүлийн жилүүдэд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, БНХАУ нь Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түншийн статусаа олон жилийн турш хадгалж байна. Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын цар хүрээ тасралтгүй өргөжиж, 2021 онд хоёр талын худалдаа 10.13 тэрбум ам.доллар (Хятадын талын статистик мэдээллээр 9.12 тэрбум ам.доллар)-т буюу түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Хоёр улсын худалдааны бүтцийг авч үзвэл, БНХАУ-аас аж үйлдвэрийн болон уул уурхайн механизм, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, барилгын материал, сав баглаа боодол, тээврийн хэрэгсэл, ган эдлэл, хуванцар, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зэргийг голлон импортолж, Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг БНХАУ руу экспортолж байна.

Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа 

БНХАУ нь Монгол Улсад хөрөнгө оруулагч чухал улс юм.  Монгол Улсын статистик мэдээгээр, 1990-2021 онд БНХАУ-аас Монгол Улсад 5.950 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс 2014-2021 онд БНХАУ-аас Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2.149 тэрбум ам.доллар байсан нь Монгол Улсын нийт гадаадын хөрөнгө оруулалтын 19 хувийг эзэлж байна. БНХАУ-аас хийсэн нийт хөрөнгө оруулалтын 68 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын салбарт, 21 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт, инженерийн барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт 2 хувь, үлдсэн 10 хувь нь бусад салбарт тус тус хийгдсэн байна. 2014-2021 онд Монгол Улсад Хятадын хөрөнгө оруулалттай 1274 аж ахуйн нэгж шинээр бүртгэгдсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 7543 аж ахуйн нэгж байна.

           ХТГ нь дараахь үндсэн чиг үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

ü  Монгол Улсаас БНХАУ-тай харилцаж буй гадаад худалдааны бодлогыг хэрэгжүүлэх, гадаад худалдааны хэлхээ холбоог хөгжүүлэх;

ü  Монгол Улсын төрийн байгууллагууд болон гадаад худалдааны үйл ажиллагаанд оролцож буй аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдээлэл хүргэх, жижиг дунд, бизнес эрхэлдэг экспортлогчдын тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах;

ü  Монгол Улсын худалдаа, эдийн засаг болон хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдээллийг Хятад улсад түгээн дэлгэрүүлэх талаар үйл ажиллагаа явуулах;

ü  Монгол Улсын бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг гадаад улсад гарах боломжийг бий болгоход дэмжлэг үзүүлж ажиллах;

ü  Монгол Улсын гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэж буй аж ахуйн нэгж, байгуулагуудад бараа нийлүүлэлт болон үзүүлж буй үйлчилгээнд дэмжлэг үзүүлж ажиллах;

ü  Монгол Улсын болон Хятад улсын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүст худалдааны түншлэлийн харилцаа үүсгэхэд туслалцаа үзүүлэх;

ü  Хятад улсын хөрөнгө оруулагчдад Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах;

ü  хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.


Санал хүсэл