МЭНДЧИЛГЭЭ

 

МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улс ба БНХАУ хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь бидний гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Өнгөрсөн хугацаанд тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлж, бие биедээ туслах, хамтран ажиллаж хамтдаа хожих зарчмыг баримтлан ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 оны 11 дүгээр сард БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр, “Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” болон “Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”-ийг шинэчлэн байгуулж, ойрын хугацаанд хоёр талын худалдааны нийт хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг тавьсан.

Энэхүү зорилтод хүрэхэд, гадаад худалдааны төрөл зүйлийг нэмэгдүүлж, дан уул уурхайн баялагт тулгуурласан экспорт бус мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар гадаад худалдааны орлогыг өсгөх, тэлэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Экспортын орлого нь тухайн улсын эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлт, валютын ханшийн болон гадаад өрийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Нөгөө талаас дэлхийн нийтээр хөгжүүлж буй цахим худалдааг хөгжүүлэхэд анхаарал хандуулж, түүгээр дамжуулан бараа бүтээгдэхүүнээ болон соёлын бүтээлч үйлдвэрлэлээ хилийн чанадад борлуулах, сурталчлахад идэвхилэн ажиллах шаардлага байна. Үүнд хүрэх хамгийн боломжт зах зээл бол Хятад улс юм. 

Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг хөгжүүлэх, шинэлэг, өндөр ашигтай төслүүдийг хэрэгжүүлэх, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, Монгол Улсын аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлахад онцгой анхаарч ажиллах болно.

Иймд энэхүү цахим хуудсаар дамжуулан Та бүхэнтэй манай ЭСЯ болон Худалдааны төлөөлөгчийн газар хамтран ажиллахад цаг ямагт бэлэн байна. Бидний мэдээлэл Таны бизнесийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Та бүхэнд ажлын амжилт хүсье.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ОНЦ БӨГӨӨД

БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Т.БАДРАЛ

 


Санал хүсэл